ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитийн халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитийн вирусийн шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусийн халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог ба элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.
Манай улс “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр нь 2020 он гэхэд С вируст хепатитийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, вируст хепатитийн үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байна.
Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилтуудтай уялдуулан энэ жилийн өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр орон даяар зохион байгуулж байна. Манай эмнэлэг энэхүү өдрийг “ЭЛЭГНИЙ ЭМОЖИ”-иор зохион байгуулав.
Амбулаториор үйлчлүүлж байгаа 116 иргэнд 2 их эмч зөвлөгөө өгч, гарын авлагаар хангаж ажиллав.
Эмчилгээний тасгийн их эмч Д.Бямбадалай “Хепатитийн вирусээс урьдчилан сэргийлье” сэдвээр нийт 65 хэвтэн эмчлүүлэгчид эрүүл мэндийн боловсрол олгов.
“Богд-Уул”сувилал эмчилгээний салбарын ажилчид болон сувилуулагчдад “Элэгний эмгэг”-ийн тухай сургалт явуулж, гарын авлага тараав. Сургалтанд нийт 9 ажилтан, 42 сувилуулагчид хамрагдав.