Манай ажилсаг хамт олон уламжлалт анагаах ухааны онол, дадлагын дагуу бие махбодыг эмчлэхийн чацуу оюун санааг хөгжүүлэн төгөлдөржүүлж бие сэтгэлийг хамтад нь эмчлэн, хатуу зөөлөн засал болон гам заслыг бүрэн хийх нөхцлийг бүрдүүлсэн мөн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг бүрэн хамруулсан уламжлалт эмчилгээний иж бүрэн цогцолбор төвийг бий болгохын төлөө уйгагүй хичээн хөдөлмөрлөсний үр дүнд энэхүү Цогцолбор Клиник Төвийг бий болгон амжилттай ажиллаж байна.
Тус клиник төв нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр байгуулагдсан цагаасаа эхлэн онол дадлагын түвшинд судалгаа явуулах, шавилан сургах сургалтыг гардан зохион байгуулах, эрүүл мэндийн яамнаас өгсөн чиг үүргийн дагуу уламжлалт анагаах ухааны эмчилгээ, заслын анхны улсын стандартын эхийг 1990 онд боловсруулан, Монгол төрөөс уламжлалт анагаах ухааны талаар баримтлах бодлогын баримт бичгийг 1996 онд боловсруулахад ажлын хэсэгт оролцож хамтран бүтээлцсэн гээд уламжлалт анагаах ухааны салбарт гар бие оролцон хөдөлмөрийн үр шимээрээ бий болгосон олон сайхан бүтээл байгаад сэтгэл хангалуун байдаг.
1989 оны 1-р сар:
ЭНЭШУНТөвд ардын эмчилгээний кабинет хэлбэрээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.
1989 оны 10-р сар:
Ардын эмчилгээний кабинет нь “Ардын эмнэлэг нөхөн сэргээх эмчилгээний клиник” болон өргөжиж уламжлалт засал эмчилгээнүүдийг үүдэн эмнэлгээр явуулж байсан.
1990 оны 10-р сар:
“Ардын эмнэлгийн клиник” нь стационарын 15 ортой, амбулаторийн 3 кабинет, эмийн жижиг цехтэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
1991 оны 2-р сар:
Эрүүлийг хамгаалах яам, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны хамтарсан тушаал тогтоолоор “Элэгний Эмгэг Эмчлэх Монгол Эмнэлэг”-ийн нэрээр байгуулагдан УБ хотын АДХГЗ-ны шууд харъяалалд станционарын 30 ортой тасаг, амбулаторийн 5 кабинет, эмийн жижиг цехтэйгээр ажиллаж эхэлсэн.
1993 оны 04-р сар:
Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны А/67 тоот захирамжаар “Элэгний Эмгэг Эмчлэх Монгол Эмнэлэг”-ийг “Элэгний Эмгэг Эмчлэх Монгол Эмнэлэг Төв” болгон өргөтгөж эмчилгээний 60 ортой, амбулаторийн 14 кабинет, эмийн үйлдвэр, эмчилгээний дараах гам заслын 30 ор бүхий сувилалтай болгон өргөжүүлсэн.
2000 оны 12-р сар:
Монгол Улсын Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12-р сарын 29-ны өдрийн 468 тоот захирамжаар “Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник Төв” болгон судалгааны ажлыг давхар хийхээр өөрчилж, бүтэц орон тоог зохион байгуулалтын 5 нэгжтэй, 139 хүний орон тоотой, төвийн дүрмийг баталсан.
2003 оны 6-р сард:
Уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл, Магадлан итгэмжлэлийг ЭМЯ-аас олгосон.
2008 оны 7 сар:
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 161 тоот тушаалаар тус клиник төвийн стационарыг 75 ортой, сувилалыг 60 ортой болгож өргөжүүлсэн.
2014 оны 2 сар: Тус клиник төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээ ард түмний эрэлт хэрэгцээ, орны хүлээгдэл ихтэй байгааг харгалзан үзэж ЭМСайдын 2014 оны 51 тоот тушаалаар эмнэлгийг 100 ортой, сувиллыг 60 ортой болгохоор шийдвэрлэн өргөжүүлснээр олон түмний талархалыг хүлээн ажиллаж байна.