Гадаа дулаарахын хэрээр иргэд аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Тэгвэл хаврын улиралд хээр, ой модонд зугаалахдаа хачигнаас болгоомжлохыг анхааруулж дараах зөвлөгөөг хүргэж байна.
Хэзээ идэвхждэг вэ? Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал буюу 4-8 сар юм. Ургамал модны шүүс хангалттай биш үед түүний гол идэш тэжээл нь хүн, мал амьтны цус юм.
Хачиг хаана байдаг вэ? Монгол Улсын хэмжээнд ойн хачгийн хамгийн их тархалттай бүс нутагт Сэлэнгэ, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий зэрэг долоон аймгийн 35 сум орж байгаа бөгөөд тус хачиг нийт 78 газарт голомттой талаар бүртгэгдсэн байна. Хамгийн хортой хачигт ойн хачиг (Ixodes persulcatus) ордог бөгөөд энэ төрлийн хачигт хазуулвал төв мэдрэлийн тогтолцоо гэмтэж, юм мартах, гар хөл саажих, ярьж чадахгүй болох эрсдэлийг үүсгэдэг байна.
Хачиг биеийн аль хэсэгт дуртай вэ? Суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор зэрэг нимгэн арьстай чийглэг газарт байрлаж хаздаг. Улмаар бие рүү гүн шигдэж ордог байна.
Хачигт хазуулах магадлал ямар үед их вэ? Ой, хээр зугаалах, зусланд гарах, хөдөөд ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур бэлтгэх үед ихэвчлэн хачигт хазуулдаг байна. Хачиг нэг хазалтаар 30 гаруй аюултай өвчнийг дамжуулдаг аж. Тоо баримт дурдвал хачигт энцефалитаар өвчлөгсдийн 80 хувь нь хазуулж буюу (цусаар), 20 хувь нь (хоол боловсруулах замаар) халдвар авсан ямаа, үхрийн дутуу боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс халдвар авдаг байна.
Аялагч алхагч нар хачигнаас хэрхэн сэргийлэх вэ? Ихэнх тохиолдолд ургамал модод цэцэглээгүй үед хачигт хазуулах нь бий. Хачиг цаг агаар дулаахан болоход идэвхижин өвсний үзүүр, модны мөчирт зүүгдэж дэргэдүүр хүн амьтан өнгөрөхийг хүлээж байдаг. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй байна.
Урьдчилан сэргийлэх арга амархан. Та гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аялалын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх нь зүйтэй юм.
Тод өнгийн хувцасан дээр хачиг буусан ч ялгарч харагдах бөгөөд туршлагатай аялагчид хачиг буусан байх магадлалтай үед нэг нэгнийхээ хувцас хэрэглэлийг шалгаж өгдөг. Хэрвээ аялал зугаалгын үед гадуур хувцасаа тайлсан бол гялгар гадаргуутай талаар нь зайгүй эвхэж, газраас хөндий тавьж, эргүүлж өмсөхдөө сайтар сэгсрэх нь зүйтэй юм. Мөн хачигнаас сэргийлэх цацлага хэрэглэх нь үр дүнтэй арга юм.
Хачигт хазуулсан нь тодорхой болоход анхаарах зүйл. Биед хачиг байгааг илрүүллээ. Айж цочирдохоос илүүтэйгээр хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авахуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагаар шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох боломжтой байдаг ажээ. Хэрвээ эмнэлгийн тусламж авч чадахгүй бол хачгийг эргүүлэх хөдөлгөөнөөр биеэс гаргахийг зөвлөсөн байдаг байна.
Аялал, алхалт тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг. Эдгээр эрсдлээс хамгаалах хамгийн чухал зүйлс бол ТОХИРОМЖТОЙ ХУВЦАСЛАЛТ юм.