Дэлхий дахинд вируст гепатитын халдварын тархалт өндөр байдаг бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал болсоор байна. Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэснээс хойш 22 дахь удаагаа энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсын хүн амын дунд гепатитын В, С вирусийн халдварын тархалт өндөр, вирусийн халдварын шалтгаант элэгний хавдрын нас баралт буурахгүй байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь гепатитын В вирусийн архаг халдвартай, 20 хүн тутмын нэг нь гепатитын С вирусийн архаг халдвартай амьдарч байгааг тооцоолсон. Монгол Улсын Засгийн газраас 2017-2020 онд хэрэгжүүлсэн Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн үр дүнд гепатитын В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 15-аас дээш насны 1,180,220 иргэнээс 7.8 хувь нь гепатитын В вирусийн халдвартай, 9.3 хувь нь гепатитын С вирусийн халдвартай илэрсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд 2015 онд практикт шинээр нэвтэрсэн С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, В, С вирусийн архаг халдвартай иргэдийг санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор вирус илрүүлэх, тоолох шинжилгээ, вирусийн эсрэг эмийг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд оруулснаар 29,729 иргэнийг гепатитын С вирусийн эсрэг, 22,466 иргэнийг гепатитын В вирусийн эсрэг эмчилгээд хамрууллаа.
Амбулаториор үйлчлүүлж буй 138 үйлчлүүлэгчдэд “Вируст гепатитын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх” талаар Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Түвшинжаргал, их эмч Г.Оюун-Эрдэнэ нар зөвлөгөө өгч, гарын авлага тарааж ажиллав.
Эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт 52 хэвтэн эмчлүүлэгчдэд Их эмч Г.Должинсүрэн “Элэгний архаг үрэвсэл” сэдвээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийв.
Сургалтын агуулга:
- Дэлхийн Элэгний архаг үрэвсэлтэй тэмцэх өдрийн талаар товч мэдээлэл
- Монгол улсад хэрэгжиж байгаа Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн талаар
- Элэгний архаг үрэвсэл үүсгэдэг хүчин зүйлүүд
- Элэгний вирусийн халдвар дамжих замууд
- Элэгний архаг үрэвслээс хэрхэн сэргийлэх талаар
- Сайн дурын дархлаажуулалтын талаар сургалт хийлээ.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тус төвийн Их эмч Э.Одгэрэл “Вируст гепатитийн халдвар” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 45 ажилтан хамрагдсан.
Сургалтын агуулга:
- Дэлхийн Элэгний архаг үрэвсэлтэй тэмцэх өдрийн талаар товч мэдээлэл
- Монгол улсад хэрэгжиж байгаа Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн талаар
- Элэгний архаг үрэвсэл гэж юу вэ?
- Элэгний вирусийн халдвар дамжих замууд
- Илрэх шинж тэмдэг
- Элэгний архаг үрэвслээс хэрхэн сэргийлэх талаар
- Сайн дурын дархлаажуулалтын талаар сургалт хийлээ.